УЛИАСТАЙ ХОТЫНХОО НИЙТ ИРГЭДЭД ХАНДАЖ ГАРГАХ УРИАЛГА

2021-02-09

УЛИАСТАЙ ХОТЫНХОО НИЙТ ИРГЭДЭД ХАНДАЖ ГАРГАХ УРИАЛГА

 

2021.02.08                                                                                                                                                                                                                                                                              УЛИАСТАЙ ХОТ

 

      Эртний түүхт Улиастайчууд та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье. Ард иргэд, азай буурлууддаа ирж буй 17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж байна.

       Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын эсрэг дэлхийн нийтийн тэмцэлд Монголчууд бид нэгдэж, хамтдаа хичээн зүтгэж байгаа энэ цаг үед, манай ард түмний уламжлалт сар шинийн  баяр болж байна.

         Монгол улсын Засгийн газар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Цагаан сарын баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн билээ.

          Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах хийгээд цар тахлыг орон нутагтаа алдаагүй байгаа амжилтаа хадгалан үлдэх нь бидний ойрын хугацааны нэн тэргүүний зорилт болоод байна.

       Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр хөдөө орон нутгийн иргэдээ Улаанбаатар хотоос орон нутагт нь хүргэх  ажил хийгдэж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд энэ сарын 06-ны өдрөөс 09-ны өдрүүдэд 406 иргэнийг татан аваад байна.

           Иргэдээ татан авах ажил нь Сар шинийн баярын өмнөхөн хийгдэж байгаагаараа цар тахлын халдварын эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байна.

          Ялангуяа Улаанбаатар хотоос хувийн автомашинаар болон нийтийн автобусаар ирж байгаа иргэн болон гэрийн тусгаарлах дэглэмд байх тэдгээр иргэдтэй нэг гэр бүл,өрхөд хамт амьдарч байгаа иргэд эрх бүхий  байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, дэглэмийг хэр зэрэг мөрдөхөөс Улиастай хотын төдийгүй Завхан аймгийн олон мянган иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдал шууд хамаарах юм.

       Иймд Иргэн Та цар тахлын эрсдлээс хамгаалах төрийн бодлого болон үйлчилгээний байгууллагууд, төрийн албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэн үзэж сар шинийн баярыг нийтээр, өргөн тэмдэглэхгүйгээр зөвхөн гэр бүлийн хүрээнд ёслон тэмдэглэх, цахимаар золголт хийх санаачлагыг дэмжиж, хэрэгжүүлж ажиллах Уриалгыг хүргүүлж байна.

Улиастайчууд та бүхэн минь Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед төрийнхөө шийдвэрийг хүндэтгэн хайртай бүхнийхээ төлөө гэр гэртээ сайхан шинэлээрэй.

 

 

 

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР