Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар эхэллээ

2019-05-28

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар эхэллээ

     Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮХСангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа өнөөдөр орон даяар эхэллээ.

     Олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон юм.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулахтай холбоотой доорх мэдээллийг хүргэж байна.  \Илүү дэлгэрэнгүйг www.smefund.gov.mn сайтаас\

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх:   2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08:30 цаг

Дуусах: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг

Зээлийн ерөнхий нөхцөл:

           Зээлийн хугацаа: 5 хүртэл жил

           Зээлийн хүү /жилийн/:

           Сангаас шууд олгох зээлийн хүү – 3 хувь

        Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ – 8 хувиас ихгүй

           Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар

2019 ОНД УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

  • Арьс шир боловсруулах,
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах,
  • Барилгын материал үйлдвэрлэх,
  • Хог хаягдал, дахин боловсруулах,
  • Мал, амьтны тэжээл үйлдвэрлэх,
  • Ноос, ноолуур боловсруулах,
  • Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах,
  • Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Сав баглаа боодол үйлдвэрлэх,
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах,
  • Туслах аж ахуй,
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Бусад

 ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ:

  • Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон,
  • Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо-Загвар хоршоо,
  • Баяжуулсан болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл,
  • Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
  • Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Эрчимжсэн аж ахуй,
  • Шинэ техник, технологи нэвтрүүлэх,

Төсөл хүлээн авах хаяг:

Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд