“Цагаан сар 2019” үзэсгэлэн худалдаагаар Улиастайчууд маань нийт 106,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ

2019-02-02

“Цагаан сар 2019” үзэсгэлэн худалдаагаар Улиастайчууд маань  нийт 106,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ

      Аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийг холбох, орон нутагт үйлдвэрлэсэн бренд бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилан борлуулах, иргэд цагаан сарын хэрэгцээг бүтээгдэхүүнээ нэг дороос худалдан авах боломжийг бий болгох зорилгоор “Цагаан сар 2019” үзэсгэлэн худалдаа 2019 оны 01 дүгээр сарын 28-30-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

     Үзэсгэлэн худалдаанд Улиастай, Алдархаан, Их-Уул, Отгон, Тосонцэнгэл, Идэр сумын 17 аж ахуйн нэгж, 13 цех, 37 иргэн, нийт 67 бизнес эрхлэгчид сүү сүүн бүтээгдэхүүн, гурил гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо, мод модон эдлэл, төмөр эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүн, эсгий урлал, оёмол бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, бэлэн хувцас зэрэг 160 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцон борлуулж, нийт 106,5 сая төгрөгийн борлуулалт хийгдлээ.

   “Завхан ногоон гарц нэгдэл” ТББ-аас хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх зорилгоор бизнес эрхлэгчидэд зориулсан 4 төрлийн хог ялгах хогийн савыг байрлуулан тухай бүр гарсан хог хаягдлыг ялгуулан цэвэрлүүлснээр үзэсгэлэн худалдаа цэвэр цэмцгэр, үр дүнтэй байсан нь энэ жилийн ЦАГААН САР үзэсгэлэн худалдаа нэг онцлог байлаа.

      Үзэсгэлэн худалдаанд оролцсон жижиг дунд бизнес эрхлэгчдээс шилдгүүдийг шалгаруулан шагнаж урамшууллаа.

     1.Гранпри- Жинст багийн С.Мавгандорж захиралтай “Булган сор хишиг” ХХК-ийн хамт олон /Арьс шир боловсруулах, булган малгай   үйлдвэрлэл/

  1. Хөнгөн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн – Өлзийт багийн иргэн Н.Гаравсүрэн / Уламжлалт дээсэн гэрийн иж бүрдэл/
  2. Хүнсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн – Жинст багийн иргэн Я.Банзрагч /Төрөл бүрийн ногооны салат/
  3. Шилдэг хэвийн боов – Миний Завхан цех Богдын гол багийн иргэн З.Лхагважаргал
  4. Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн – Их-Уул сумын иргэн Ж.Эрдэнэбаяр /Сүү, цагаан идээ/