АРХИГҮЙ АЙМАГ БОЛОХ ЗОРИЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2017-05-01

Завхан аймгийн Засаг дарга  “Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай”  албан  даалгавар гаргажээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Архигүй-хамт олон” аянг өрнүүлнэ хэмээн тусгасан билээ. Тэгвэл тус үйл ажиллагааны хөтөлбөрын хүрээнд аймгийн Засаг дарга  “Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай”  албан  даалгавар гаргалаа.  Уг даалгаварт  төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, хорт зуршлаас татгалзах, манлайллыг дээшлүүлэх, ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхийн төлөө төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагын ажилчид ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг тусгалаа. Мөн аливаа баяр ёслолын үеэр оргилуун дарс, архи согтууруулах ундаагаар биш, цагаан сүү, айраг өгч хүндэтгэл үзүүлж төсвийн болон бусад зардлыг хэмнэхийг уриалсан байна.
Түүнчлэн Завхан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас төрийн аливаа ёслолын үеэр “Сүү өргөж хүндэтгэл үзүүлэх” уриалгыг гаргасан. Архигүй хамт олон аяны хүрээнд аймгийн 56 төрийн байгууллага Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэн олон талын ажил зохион байгуулж байна.
 
Мөн уг аяны хүрээнд Нэгдсэн эмнэлэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Архинд донтох эмгэг, түүний нийгэмд болон бие эрхтэнд үзүүлэх хор уршиг” сэдэвт сэтгэлзүйн эмчилгээ үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар Улиастай сумын архинаас хамааралтай 36 иргэн сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээг аваад байна. Сэтгэлзүйн эмчилгээ нь хүн амд архидалт, түүний хор уршгийн талаар таниулах, архинаас хамааралтай иргэдийг нийгэмшүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлдэг гэдгийг эмч нар хэллээ. Мөн Нэгдсэн эмнэлэг  “Сэтгэл гоо заслын танхим”-ыг өөрсдийн хүч, нөөц бололцоондоо тулгуурлан нээжээ. Төвийн өрөөг Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыхаа үзэсгэлэн хийгээд говь, хангай хосолсон байгалийн зургаар тохижуулж  усны хоржигнох чимээг сонсон, ил галын дэргэд бие сэтгэлийн амар амгалан байдлыг мэдэрч сэтгэл зүйн засал авах боломжийг бүрдүүлсэн байна. Энэ танхимд архинаас хамааралтай иргэд ба хүссэн хүн бүр ирж үнэгүй үйлчлүүлэх боломжтой гэдгийг эмнэлгийн удирдлагууд дуулгалаа.