АЙМГИЙН АНХНЫ “ЭРЧҮҮДИЙН ХОЛБОО” БАЙГУУЛАГДЛАА

2017-05-01

Манай аймагт том жижиг маш олон холбоод байдаг. Тэдний дунд хамгийн томоохон үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулдаг нь эмэгтэйчүүдийн холбоонууд юм. Харин эрэгтэйчүүдийн гэх тодотголтой холбоо одоог хүртэл байгуулагдаагүй билээ. Тэгвэл Аймгийн анхны эрчүүдийн холбоог Нэгдсэн эмнэлгийн эрчүүд санаачлан “Завхан хийморь” нэртэйгээр байгууллаа.
Тус холбоо нь эрчүүдийн эрх, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг хорт зуршлаас ангид байлгах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд томоохон үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах ажээ.  Холбооныхоо шинэ байрыг  билльярд, ширээний теннис, шатар, даам, дардас, хасаа харваа зэрэг спортын төрлүүдээр хичээллэхээр тохижуулжээ. Мөн ойрын хугацаанд гадна биеийн тамирын талбай болон чийрэгжүүлэлтийн танхимыг нээхээр төлөвлөсөн байна.
Архигүй хамт олон аяны хүрээнд  тус холбоо холбооны гишүүдийнхээ хорт зуршлыг зөв дадал, спортоор солих зорилго тавьжээ. Өнөөдрийн байдлаар тус холбоо 60 гаруй гишүүнтэй болоод байна.