УЛИАСТАЙ ХОТОД БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ДЭМЖИХ “ХАМТЫН ХҮЧ-ХӨГЖЛИЙН ГАРЦ” ТӨВ НЭЭГДЛЭЭ

2017-04-12

Завхан аймаг ирэх жилүүдэд хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж, тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд түүчээлэн оролцож, сум бүрт уран хатгамал, гар урлалын сургалт хийж, орон нутагтаа болон Улаанбаатар хотод бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд танилцуулж байсан цаг саяхан. Тэгвэл энэ удаад үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, аймгийн Засаг дарга Д.Батсайханы дэмжлэгтэйгээр баялаг бүтээгчдээ дэмжих “Хамтын хүч-Хөгжлийн гарц” төвийг хаврын ханш нээсэн, шинийн 8-ны билигт сайн энэ өдөр нээлээ.

Энэ төв нь үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ борлуулалтанд дэмжлэг үзүүлэх, нутгийнхаа хөгжилд хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм. Завхан нутгийн баялаг бүтээгчдийн гаргаа гаргаж, сэтгэлээ шингээн урласан бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжийг ийнхүү бүрдүүлээд байна. Түүнчлэн сургалт, санхүүгийн зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, татвар, санхүүгийн тайлан гаргах гээд олон талын цогц дэмжлэг үзүүлэх юм.  

Завхан аймаг хонин сүрэг ихтэй учраас хониныхоо ноосыг ашиглан хагас болон бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой. Тиймээс хонины ноосоор хэрхэн эсгий хийх, эсгийгээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай эсгий урлалын мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг өнөөдөр мөн эхлүүллээ. 10 гаруй жилийн туршлагатай “Цагаан солонго” ХХК-ийн захирал, сургагч багш О.Эрдэнэчимэг Улаанбаатар хотод Завхан аймгаас 3 сургагч багш бэлтгэсэн бол энэ удаад 24 сумын төлөөлөл 30 эмэгтэйд эсгий урлалын 10 хоногийн сургалтыг зохион байгуулж байна. Суралцагчид энэ хугацаанд ноосоор хийдэг бүх төрлийн бүтээгдэхүүний технологийг сурч, хүн бүр 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийх бөгөөд сургалтын дараа үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.

Эсгий урлалын бүтээгдэхүүний давуу тал нь эрүүл мэндэд тустай, гадаад дотоодын зах зээл дээр эрэлт ихтэй, нэмүү өртөг шингэсэн байдаг учраас сургалтанд хамрагдсан иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, баялаг бүтээхээс гадна сумынхаа бүсгүйчүүдэд сургалтаа явуулж, орон нутагтаа эсгий урлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.