УЛИАСТАЙ ХОТЫН ТҮҮХЭН ОН ДАРААЛАЛ

2017-02-17

Улиастай хотын түүхэн он дараалал

МЭӨ 2000-1000 жил

Өнөөгийн Улиастай хотын орчим Хүрэл зэвсгийн үеийн монгол овог, аймгууд амьдарч түүх, соёлын дурсгалт зүйлсийг үлдээжээ.

МЭӨ 123 он

Хангай уулын ар бие Чигүчүкү голын эрэгт Хүннү нар хот байгуулав.

МЭӨ 90 он

Хүннү гүрний шаньюй Хангай уулын ар бие дэх хотоосоо Чигүчүкү голын чигт хүнд ачаа бараагаа илгээж байжээ.

МЭ II зуун

Сяньби улсын Үсүн аймгийн тэргүүлэгч Чи Шань хамаах ордоо Хангай уулын ар биед байгуулж байв.

552-745 он

Монгол нутагт төрт улсаа байгуулж асан Түрэгүүд Улиастайн газар нутаглан сууж тэр орчим Хүн чулуун хөшөө босгон үлдээв.

1225 он

Чан Чунь бомбо Хангайн уулын ар биед буй “Улиас” нэрт эртний суурингаар дайран гарав.

1570-аад он

Халхын Засагт хан аймгийг үндэслэн байгуулагчийн нэг Ашихай дархан хунтайж өргөөгөө Хангайн уулын ар бие Чигэстэй голын хөвөөнөө байршуулав.

1585 он

Халхын эрдэнэ бишрэлт Засагт хан Субадай Отгонтэнгэр уулыг Богд Очирваань хэмээн нэрийдэж сүсэглэн дээдэлж байв.

1689 он

Ойрадын Галдан бошгот Халхад довтлоход Засагт хан Цэвээнжав Хангай уулын ар бие дэх өргөөгөө орхин өмнөд Монголын Урад аймгийн нутагт зайлан суув.

 

1697 он

Засагт хан Цэвээнжав Хангай уулын ар бие дэх өргөөндөө буцан ирэв.

1725 он

Шинээр байгуулагдсан Халхын Сайн ноён аймгийн Хошууч мэргэн бэйсийн хошууны нутагт Хангай уул, Чигэстэй голын сав газар багтах болж, Засагт ханы өргөө Тайширын газарт нүүв.

1733 оны 6-р сар

Жүн ван Пубин умард замын цэргийг захирах жанжнаар томилогдон Улиастайд суув.

1735 он

Улиастай сайдын газар байгуулж бэйл Цэвдэнг анхны монгол сайдаар суулгав.

1736 оны 10 сард

Улиастайд манж сайдын газрыг байгуулав.

1750 он

Улиастайн сууринг өргөтгөн байгуулав.

1756 оны 5-р сар

Хотогойдын ван Чингүнжав Улиастайн цэргийн хүрээнээс бослогоо эхлэв.

1757 он

Улиастайн Наймаачид худалдааны газар байгуулав.

1765 он

Улиастай хотын Сангийн хэрмийг сэргээн засварлав.

1768 он

Улиастайн цэргийн хүрээний сургуулийг байгуулав.

1779-1885 он

Манж Чин гүрний төрийн түүхийн зохиол “Зарлигаар тогтоосон гадаад Монгол, Хотон аймгийн ван гүнгүүдийн Илтгэл шаштир” зохиолд Засагт хан аймгийн хангуудын өргөөтэй холбоотойгоор Чигэстэй гол Чигисүн хэмээх нэрээр гарав.

1787 он

Улиастайн монгол сайдаар Дайчин засаг Сампилдорж томилогдов.

1827 он

 Улиастайн монгол сайдаар Сайн ноён Цэрэндорж томилогдов.

1841 он Халхын түүхч Галдан туслагчийн бичсэн “Эрдэнийн эрих” хэмээх зохиолд Улиастай хот, Улиастай хот дахь сангийн хэрмийг зассан тухай гарав. Энэ зохиолд Чигэстэй гол Чигүрсүн хэмээн гарна.

1860 он

Улиастайн монгол сайдаар Дүүрэгч засаг Довчинжамц томилогдов.

1862 он

Улиастайн монгол сайдаар Засагт хан Цэрэндэндэв томилогдов.

1876 он

Улиастай хотод Оросын худалдааны газар нээгдэв.

1887он

Улиатсайн монгол сайдаар Далай чойнхор засаг Гэмпилдорж томилогдов.

1870 он

Улиастайд Оросын консулын газар байгуулав.

1873он

Улиастайд Сангийн хотыг сэргээн засварлав.

1880 он

Сайн ноён аймгийн цэрэг Онолтын тэргүүлсэн бослого гарав.

1875 он

Улиастайн Сангийн хотыг ахин сэргээн засварлав.

1876 он

Оросын эрдэмтэн А.М.Позднеев Улиастай хотод ирж байв.

 

1877 он

Улиастайн Сангийн хотын хэрмийг дагтаршуулав.

1876-1877 он

Оросын эрдэмтэн, аялагч Г.Н.Потанин Улиастай хотоор дайран өнгөрөв.

1878-1879 он

Оросын эрдэмтэн, М.В.Певцов Улиастай хотоор дайран гарчээ.

1879 он

Улиастай сангийн хотын Түмэн өлзийн орд, дөрвөн явдлын яамыг засварлав.

1873 он

Улиастайн сангийн хотыг шинэтгэн сэргээн засварлав.

1900 он

Засагт хан аймгийн Зоригт вангийн хошууны хүнд Энхтайваны удирдсан 2000 цэргийн бослого гарав.

1902 он

Улиастайн монгол сайдаар Далай чойнхор засаг Цэдэнсоном томилогдов.

1904 он

Улиастай хотод Гаалийн хороо байгуулагдав.

1905 он

Улиастай хотод Оросын консулын газар албан ёсоор нээгдэв.

1907-1913 он

Германы жуулчин Х.Констен Хаант Орос улсын даалгавраар Монгол нутгаар аялахдаа Улиастай хотод багагүй хугацаа өнгөрүүлэв.

1908 он

Улиастайд Оросын консулын газрыг өргөтгөв.

1909 он

Улиастайн монгол сайдаар Дайчин засаг Гүргүмжав томилогдов.

1910 он

Улиастайд Манж-Хятад хэл бичигийн сургууль байгуулагдав.

Оросын эрдэмтэн М.И.Боголоепов Улиастай хотод ирэв.

1912 оны 1-р сар

Улиастай хотоос жанжин Гүй И тэргүүтэй манж, хятад цэрэг иргэнийг хөөн гаргав.

1912 оны 1-р сар

Улиастайн сайдад Чин ачит засаг Гончигдамбыг томилон суулгав.

1914 он

Богд Хаант Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Улиастайн хэргийг хамааран шийтгэх түшмэлд сургууль байгуулах тухай зарлиг ирүүлж, улмаар Улиастайн “Бага сургуулийн тэнхим”-ийг байгуулав.

1915 он

Ёст бэйс Б.Чүлтэм Улиастайн сайдаар томилогдов..

Улиастай- Мондын хооронд телефон утасны шугам тавигдав.

1918 он Богд хаант монгол Улсын төрийн иүүхийн зохиол “Монго Улсын шаштир” зохиолд Улиастайн Монгол сайд болон, Улиастай хотын Сангийн хэрмийг хэрхэн засаж байсан тухай гарна.

1919 он

АНУ-ын жуулчин A.S.Kent “Old tartar trails” хэмээх номоо Шанхайд хэвлүүллээ. Тус номонд Улиастайн тухай бичжээ.

1919-1920 он

Б.В.Бурдуков Улиастай хотод амьдарч байв.

1921 он

Польшийн жуулчин А.Ф.Оссендовский Улиастай хотод ирлээ.

1921 оны 3-р сарын 10-н

Улиастай хотоос хятадын гэмин цэргийг цус урсгалгүйгээр гаргасан байна.

1921 оны 4-р сарын 16-н

Улиастайн сайд ёст бэйс Б.Чүлтэмийг хороожээ.

1921 оны 10-р сар

Ардын  засгийн газраас Дилов хутагт Жамсранжавыг Улиастайн сайдаар томилов.

1922 он

Анхны сургууль байгуулагдав.

Харилцан туслалцах хоршоо байгуулагдав.

Улиастай хотод Монгол ардын намын 14-р үүрийг байгуулав.

Улиастайн сайдаар О.Ламжав томилогдон ажиллав.

Улиастайн “Бага сургуулийн тэнхим”-ийг сэргээв.

1923 оны 7-р сарын 19-н

Улаанбаатар хот Улиастай хотын хооронд М-8 маркийн морзийн аппаратаар цахилгаан мэдээ солилцож эхлэв.

Харилцаа холбооны салбар байгуулагдав.

1923 он

Улиастай хотод Шүүхийн байгууллага “Зарга шийтгэх хэлтэс” нэртэйгээр байгуулагдав.

Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг, Сайн ноён аймгийг Цэцэрлэг мэндал уулын аймйг хэмээн нэрлэв.

1924 он

Мал эмнэлгийн салбар байгуулагдав.

Улиастай хотод “Үзэсгэлэнгийн хороо”-г байгуулав.

1925 он

Улиастай хотын хүнсний үйлдвэр “Архины хороо” нэртэйгээр байгуулагдав.

1925 оны 4-р сарын 1-н

Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкны 4-р хэлтэс байгуулагдав.

1925 оны 12 сар

Улиастай хотын захиргааг байгуулав.

1926 оны 3 сарын 20

Улиастай хотыг Жавхлант хот хэмээн нэрийдэхээр болсон байна.

1927 он

Жүжгийн хүрээлэн нээгдэв.

1928 он

Улиастай хотод Монгол тээхийн харъяа “Тээхийн буудал” байгуулагдав.

Үйлдвэрчний эвлэл байгуулагджээ.

1929 он

Хантайшир уулын аймгийн яам Жавхлант хотод “Докторын газар” нэртэйгээр хүн эмнэлэгийн газар байгуулагдав.

Улиастай хотын тээхийн буудал монгол трансын салбар болон өргөжив.

Улиастайн “Бага сургуулийн тэнхим”-д Сэцэн Сарт уулын хошууны бага сургууль нэгдэв.

1930 он

Улиастай хотод анхны нийтийн халуун усны газар нээгдэв.

Улиастайн бага сургууль дунд сургууль болон өргөжив.

1931 он

Завхан аймаг байгуулагдаж Улиастай хот /Тэр үеийн жавхлант/-ыг нийгэм улс төрийн төв болгов.

Улиастай хотод нүүдлийн кино театр байгуулагдав.

1933 он

“Докторын газар”-ыг өргөжүүлэн “Ардын эмнэлэгийн газар” болгожээ.

1935 он

Улиастай хотын “Архины хороо” Сангийн архины 4-р хэлтэс болон өргөжив.

1936 он

Улиастай хотод анхны эмийн сан байгуулагдав.

1937 оны 06-р сарын 15-н

Улиастай хотод “Тарваган тахал эсэргүүцэх отряд”-ыг багйуулав.

1938 оны 8-р сарын 19-н

Улиастай хотод хүн эмнэлэгийн хэлтэс байгуулагджээ.

1941 он

Сангийн архины 4-р хэлтэс “Идэш тэжээлийн комбинат” болон өргөжив.

Ахмад түүхч Г.Навааннамжил “Өвгөн бичээчийн яриа” хэмээх зохиол бичиж, тус зохиолдоо XX зууны эхэн үеийн Улиастай хотын байр байдлын тухай бичив.

1941 оны 10-р сар

Улиастай хотын анхны 1-р цэцэрлэг байгуулагдав.

1942 он

Улиастай хотод “Шийний газар” байгуулагдав.

1944 он

Туяа сонины анхны дугаар хэвлэгдэн гарлаа.

1945 он

Улиастай хотын 2-р цэцэрлэг “Артелийн цэцэрлэг” нэртэйгээр байгуулагдав.

1946 он

Улиастай хотод Завхан аймгийн номын сан байгуулагдав.

1947 он

1-р сургуулийг Б.Элдэв-Очирын нэрэмжит болгов.

Улиастай хотод Завхан аймгийн биеийн тамир спортын тасаг байгуулагдав.

1949 он

Улиастай хотын торин өртөөг халж “Авто 8-р өртөө”-г байгуулав.

Улиастай хотын “Шийний газар”-ыг “Ажилчны клуб” хэмээн нэрийдэв.

1950 он

1-р сургууль 10 жилийн сургалттай сургууль болгон өргөжив.

Сургалт заах аргын камбинет байгуулагдав.

1952 он

Улиастай хотод цахилгаан гэрлийн хороо байгуулав.

1954 он

В.Самбалхүндэв Жавхлант хотын АДХГЗ-ны даргаар томилогдов.

Улиастай хотод авто тээврийн 20-р баазыг байгуулав.

1956 он

Улиастай хот-Улаанбаатар хотын хооронд онгоц нисэх болов.

Улиастай хотын 35-н жил нэгдэл байгуулагдав.

1957 он

Ж.Содномдаржаа Жавхлант хотын АДХГЗ-ны даргаар томилогдов.

Улиастай хотын докторын газар” Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг болон зохион байгуулагдав.

1958 он

Ажилчны клубыг Соёлын ордон хэмээн нэрийдэв.

1960 он

Нийтийн халуун усны газар нийгмийн хангамжийн товчоо болон өргөжив.

Биеийн тамир спортын тасаг “Завхан нийгэмлэг” болон өөрчлөгдөв.

1961 он

Жавхлант хотыг Улиастай хот хэмээн сэргээн нэрлэв.

Идэш тэжээлийн комбинат Улиастай хотын хүнсний үйлдвэр болон өргөжив.

Жавхлант сургууль байгуулагдав.

Ч.Чимид-Ойдов Жавхлант хотын АДХГЗ-ны даргаар томилогдов.

1962 оны 8-р сар

Улиастай хотын IV цэцэрлэг байгуулагдав.

1963 он

Доктор М.Санждорж “Улиастай хотын байгуулагдсан нь” хэмээх өгүүлэл бичин хэвлүүлэв.

Улиастай хотод “Барилгын курс” хэмээх техник мэргэжлийн сургууль байгуулав.

1964 он

У.Магсар Улиастай хотын АДХГЗ-ны даргаар томилогдов.

1965 он

Улиастай хотод “35 жил” нэгдлийн бага сургууль байгуулагдав.

1966 он

Номын сангийн шинэ барилга ашиглалтанд оров.

У.Гончиг Улиастай хотын АДХГЗ-ны даргаар томилогдов.

Улиастай хотын “35-н жил” нэгдлийг Алдархаан сумын “Партизан Чойбалсан” нэгдэлд нэгтгэв.

1968 он

Ж.Нямжав Улиастай хотын АДХГЗ-ны даргаар томилогдов.

1969 он

Хатанбаатар Магсаржавын дурсгалын хөшөөг Жавхлант сургуулийн хашаанд босгов.

1970 он

Улиастай хотын V цэцэрлэг “Гэр цэцэрлэг” нэртэйгээр байгуулагдав.

Улиастай хотын хүүхдийн эмч ажилчдын санаачлагаар “Хүүхдийн хэсгийн эмнэлэг” байгуулагдав.

1971 он

1-р 10-н жилийн шинэ барилга ашиглалтанд оров.

1972 он

Улиастай хотын “Нийгмийн хангамжийн товчоо”-г “Нийтийн ахуйн үйлчилгээний газар” болгон өргөтгөв.

1974 он

Худалдааны техник мэргэжлийн сургууль байгуулагдав.

1977 оны 9-р сар

Улиастай хотын 6-р цэцэрлэг байгуулагдав.

1978 он

Ж.Гунгаа Улиастай хотын АДХГЗ-ны даргаар томилогдов.

1979 он

Биеийн тамир спортын тасаг Биеийн тамир спортын хороо болон өргөжив.

1981 он

Хүнсний үйлдвэрийн шинэ барилга ашиглалтанд оров.

Жавхлант сургууль 10-н жилийн сургууль болон өргөжив.

1983 он

“35 жил” нэгдэлийн бага сургууль 8-н жилийн сургалттай болов.

“Соёлын ордон”-ыг “Хөгжимт жүжгийн театр” хэмээн нэрийдэв.

1985 он

С.Тэрбиш Улиастай хотын АДХГЗ-ны даргаар томилогдов.

1986 он

Улиастай хотын 8-н жилийн 1-р сургууль байгуулагдав.

1987 он

Хөгжим бүжгийн дунд сургууль байгуулагдав.

1988 он

Улиастай хотын “Нийтийн ахуйн үйлчилгээний газар”-ыг “Орон сууц нийтийн аж ахуйн газар” болгон өөрчлөн байгуулав.

1989 он

“35 жил” нэгдэлийн сургуулийг 10-н жилийн 3-р сургууль болгон өргөтгөв.

1990 он

Улиастай хотын VIII цэцэрлэг байгуулагдав.

Е.Дашцэрэн Улиастай хотын АДХГЗ-ны даргаар томилогдов.